МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 41,256.21 нэгжид хүрч 0.77%-ийн бууралттай хаагдлаа. Монгол улсын 2023 оны 12-р сарын инфляцын түвшин 7.9% гарлаа. Улсын инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.2% (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 7.1%), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.3%, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.4%, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5%, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.0%, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8%-иар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Зах зээлийн үнэлгээ өндөр технологийн компаниудын хувьцааны ханш өндөр өсөлт үзүүллээ. Тодруулбал, "Facebook"-ийн толгой компани "Meta Platforms Inc" болон чип үйлдвэрлэгч "NVIDIA Corp" компанийн хувьцааны ханш өндөр өсөлт үзүүллээ. Газрын тосны үнэ 7 хоногт уналттай байсан ба үүнийг дагаж эрчим хүчний салбарын хувьцаануудын ханш уналттай байлаа. АНУ-ын 12-р сарын инфляцын түвшний мэдээлэл хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татлаа. АНУ-ын 12-р сарын инфляцын түвшин 3.1%-иас 3.4%-д (жилийн өмнөх үеэс) хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Суурь инфляцын түвшин буюу хүнс, эрчим хүчний үнийн нөлөөг хасаж тооцсон инфляцын түвшин 4.0%-иас 3.9%-д хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэхүү үзүүлэлт нь сүүлийн 2 жил гаруй хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болж байна. Даваа гарагт буюу 2024 оны 1 сарын 15-ны өдөр Мартин Лютер Кингийн өдрийг тохиолдуулан хөрөнгийн зах зээл амарна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 0.84%-ийн уналттай байсан бол STOXX Europe 600 индекс 0.08%-ийн өсөлттэй байлаа. Евро бүсийн 2023 оны 11-р сарын ажилгүйдлийн түвшин 6.5%-иас 6.4%-д хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа. Евро бүсийн жижиглэн худалдааны борлуулалт 11-р сард жилийн өмнөх үеэс 1.1%-иар буурсан үзүүлэлттэй гарлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Япон улсын төв банкны Мөнгөний хэт зөөлөн бодлого болон Японы иений ханшийн сулрал нь тус улсын экспортыг дэмжиж байна. Үүний нөлөөгөөр тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индекс сүүлийн 34 жилийн хамгийн дээд түвшиндээ хүрлээ. Өнгөрөгч 7 хоногт TOPIX индекс 4.21%, Nikkei 225 индекс 6.59%-ийн тус тус өсөлттэй байлаа. АНУ-ын 12-р сарын инфляцын түвшин 3.1%-иас 3.4%-д (жилийн өмнөх үеэс) хүрч өссөн үзүүлэлттэй гарсан билээ. Энэ нь хөрөнгө оруулагчдад АНУ-ын хүүгийн түвшин буурах болоогүй гэх дохиог өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор Японы иений ханш ам.долларын эсрэг үргэлжлэн суларлаа. 1 ам.доллар 145 иентэй тэнцэж валютын зах зээлд арилжаалагдаж байгаа ба энэ нь сүүлийн 1 сарын хамгийн дээд ханшийн сулрал болж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ БНХАУ-д үүсээд буй дефляцийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа билээ. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.61%, CSI 300 индекс 1.35%-ийн тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа. БНХАУ-ын 12-р сарын инфляцын түвшин сөрөг 0.3% буюу дефляцитай гарлаа. Тус улсын бодлого боловсруулагчид дефляцийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг харгалзан үзэж бодлогын хүүгээ дараагийн Мөнгөний бодлогын хурлаар бууруулж болзошгүй байна. |